Friday, April 14, 2023

...Урдаа суух хүнийг хараад "Чи минь үнэхээр сайхнаараа л байгаа юм байна, үнэхээр чамд дурлахгүй байх арга ч үгүй байж..." гэх мэдрэмж төрнө. Дууны өнгө, ярианы аяс, үе үе ичингүйрэх мэт инээмсэглэх чинь, ухаан чинь...шунал төрүүлэм..Нээрээ би чамд үнэхээр л шунаж явжээ. Харин хүсэл шунал бол хамаг л зовлонгийн эх. Зүгээр л байгаа байдал чинь соронзон адил юмсанж. Харин би "зүгээр л чамайг" хэт хүссэндээ өөртөө байж болох бүх зүйлээр хамаатуулахыг оролдож, чиний өмнөөс ирээдүйг чинь зохиож, "өөрсдийнхөө" гэх шошгонд өөрийнхөө л бүх мөрөөдлүүд, биелэгдээгүй дутуу хүслүүдээ наачихаад, өөрөө чамайг очиж шөргөөснийгөө намайг илж байна л гэж андуураад яваад байж. Тэгээд бодохнээ, хайр алга болдоггүй, зүгээр л өнгө төрхөө өөрчлөөд, дурлал байсан бол хүлээн зөвшөөрөл, нөхцөл болзол үгүй хайр болон хувираад, он цаг улирсан ч анхаарал тавьж, санаа чилээсэн хэвээр, гагцхүү чи минийх л байх ёстой, надтай л байх ёстой... үй түмэн " ёстой"-нууд нь багасаад , чи минь хэнтэй ч байсан яахав, аз жаргалтай л байгаасай, эрүүл л байгаасай, сэтгэл дүүрэн л байгаасай,хайраар цалгиж байгаарай гээд чин сэтгэлээсээ хүсэх хэрнээ, хайрласаар...байгаа минь би ч бас сэтгэл зүйн хувьд насанд хүрээд, өөрийнхөө тусгаар тогтносон байдлыг олж авч байгаатай минь холбоотой байж мэднэ.Бид хоорондоо дэндүү адилхан хүмүүс..., нэгнийхээ эхэлсэн өгүүлбэрээ нөгөө нь дуусгадаг, хошигнолоо ойлголцдог, ажлаа дуусгаад ядарч ирээд л Найзууд цувралаа асаагаад суудаг...хэн хэн нь үе үе дуугаа хураагаад хөндий болчихдог...ижил цэнэгүүд байсан болхоор түлхэлцээд байсан юм болов уу? Үе үе ахиж хэзээ ч ирэхгүй өнгөрсөнийг дурсаж, өөрсдийнхөө түмэн янзын хувилбаруудыг төсөөлөн сууж, эдгэсэн шархныхаа тавыг хуулж давс цацан албаар өөрийгөө өвтгөж суудагаа хэзээ болих вэ би? Хүсэл , шунал минь намайг сорьсоор л....

No comments: